“Зудын хариу арга хэмжээ-2017” төсөл хэрэгжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын “Булган Хангай” нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Сэлэнгэ сумыг сонгон "Зудын хариу арга хэмжээ-2017" богино хэмжээний төслийг хэрэгжүүллээ.
Уг төслийн хүрээнд 35 малчин өрхийн судалгаа авсанаас 15 малчин өрхөд бэлэн мөнгө болон малын тэжээлийн багц, гарын авлага зэрэг тусламж үзүүлсэн байна.
Нутаглаж байгаа газар нь зудын байдалтай, сумын төвөөс зайдуу, алслагдсан, олон хүүхэдтэй, 200-гаас доош толгой малтай, нэмэлт орлогогүй, өмнө нь олон улсын байгууллага болон төсөл хөтөлбөрөөс тусламж дэмжлэг авч байгаагүй зэрэг шалгуурыг хангасан малчин өрхийг төсөл хөтөлбөрт хамруулсан байна.
"Булган аймгийн ихэнхи сумдаар цас орж, зудын байдалд шилжсэн, малын хорогдол ихээр гарч буй хүнд нөхцөлд байгаа учраас Сэлэнгэ сумыг сонгон төсөл хэрэгжүүлж, малчдад тусламж үзүүлсэн. Ялангуяа манай сумын Атар багийн нутагт цас ихтэй маш хэцүү нөхцөлтэй байгаа" гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ууганбаяр ярилаа.
М.Батжаргал