Ном уншигчдын клуб үүдээ нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 15:38:49

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдийн “Үлгэрийн цаг”, “ахлах ангийн сурагчдын  “Ном уншъя” клубийг “Залуучуудын эерэг хөдөлгөөн” Төрийн бус байгууллага аймгийн төв номын санг түшиглэн нээх гэж байна.

Энэ тухайд “Залуучуудын эерэг хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын тэргүүн Д. Өлзийбадрахаас тодруулахад, “Багаасаа номонд дуртай болж төлөвшин, ном уншиж оюун ухаан, мэдлэг чадвараа өсгөх дадлыг хүүхдэд хэвшүүлэх үүднээс ном уншигчдын клубыг нээнэ. Дунд, ахлах ангийн сурагчид бага ангийн болон цэцэрлэгийн дүү нартаа үлгэр, өгүүллэг уншиж өгч, өөрсдөө уншсан номынхоо талаар хэлэлцүүлэг хийж, мэтгэлцээн зохион байгуулах зэргээр хүүхдийг хүүхдээр нь хөгжүүлэх зорилготой. Үүний зэрэгцээ клуб тус бүрт англи хэлний богино сургалтууд явуулна” гэлээ.

Энэ сарын 24- нд “Ном уншъя” клубын үйл ажиллагаа эхлэх бол 26- нд “Үлгэрийн цаг” клубыг нээх юм байна. Үүний араас дунд ангийн сурагчдын клубыг ч нээхээр төлөвлөжээ. Клубууд долоо хоног бүрийн даваа, лхагва, бямба гарагт үйл ажиллагаагаа товлосон байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news