Тэмээний чөмгийг үйлдвэрийн аргаар савлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 20:36:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн үйл ажиллагаатай аймгийн удидлагууд танилцлаа.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийг нутгийнхан "Даланбулаг" нэртэй  цэвэр усаар нь андахгүй ээ. Тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ нар үйлдвэр дээр нь очиж компанийн  үйл ажиллагаатай танилцсан юм. 

Уг компанийн захирал Ц.Энхтүвшин  одоогоос 9 жилийн өмнө таван хүнтэй тус үйлдвэрийнхээ эх суурийг тавьж байсан бол өнөөдөр 30 гаруй ажилтантай болон өргөжиж цэвэр ус, банш, бууз, даршилсан хөмүүл, чөмөгний тос, кимчи  зэрэг 9 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ үйлчилж байна. Энэхүү үйлдвэрлэлийн нэг нь болох үе мөчний өвчлөлд сайн гэх тэмээний чөмөгний тосыг “Өнөд өвлөх урлахуй” ХХК үйлдвэрийн аргаар савлан худалдаалж байна.

Тус үйлдвэртэй танилцсан аймгийн удирдлагууд “Хийсэн ажилтай, харуулах зүйлстэй, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа ийм аж ахуйн нэгжүүдээ боломжоороо дэмжиж ажиллана” гэлээ.

Д.Мишигсүрэн

Related news