Чулуу түүгчдийн гарт арав шахам га бэлчээр сүйтгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт байгалийн өнгөт чулуу түүж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааны улмаас арав шахам га бэлчээр сүйтгэгдсэнийг аймгийн БОАЖ- ын газар хэмжиж гаргасан байна. Тодруулбал, 12 цэгт 98 мянга 476 м.кв буюу 9.8 га талбайг ухаж сүйтгэсэн хэмээн тооцжээ.
Өнгөт чулуу түүх явдал таван жил гаруйн өмнө эхэлсэн байдаг. Иргэд эхлээд хөрсөн дээр ил харагдах өнгөт чулууг түүж худалддаг байсан бол сүүлийн хоёр жилд газрын хөрсийг сэндийлэн онгичдог болсноор байгаль орчинд илт халдаж, үйл ажиллагаа нь хууль бус олборлолтын нэг хэлбэр болж хувирсан юм.
Үүний улмаас бэлчээрийн үржил шимт үе давхарга болох 49 мянга 238 шоо метр хөрсийг доройтуулж, эвдрэлд оруулсан байна.
Дундговь Т. Отгонтуяа