Лаа асаах нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дууддаг...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа уриатай "Эх дэлхийн цаг" үйл ажиллагаанд Ховчдууд нэгдэж, залуучууд,хүүхдүүд маш их дэмжиж байгаа нь сайшаалтай байлаа. Ховд аймгийн Залуу уран бүтээлчдийн “өөр өнцөг “клуб эх дэлхийн цаг арга хэмжээг нэг өдрөөр тогтохгүй цаашид үргэлжлүүлэхээр боллоо.
Харин Ховд их сургуулийн оюутнууд, Баруун бүсийн төв зах, Их буян зах, Орон сууцны хороололуудаар явж флаш моб хийж, олон нийтэд мэдээлэл түгээлээ.
Лаа асаах нь "Эх дэлхийн цаг"-ийн гол үйл ажиллагааны чухал илэрхийлэл бөгөөд энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, гэрэл гэгээтэй ирээдүйг бэлгэдсэн утга агуулгатай.
60+ хэмээх бэлгэдэл нь өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулдаг байна.
“Эх дэлхийн цаг” 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ.
Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэх утга санааг илэрхийлсэн хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-аас санаачлан хэрэгжүүлж олон нийтийг нэгдэхийг уриалсаар ирсэн юм.
"Эх дэлхийн цаг"-ийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх дэлхийгээ авран хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулах юм.
2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газрын санаачлагаар энэ хөдөлгөөнд нэгдэн орж Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгуудад зохион байгуулсан бөгөөд дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
А.Бямбасүрэн