Хүүхдүүд ил гал түлсний улмаас Дэлгэрмөрөн голын ойролцоох зэгс, дэрс шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт Дэлгэрмөрөн голын эргийн дагуу энэ сарын 29-нд бага насны хүүхдүүд гал түлсэн нь дэрсэнд авалцан голын дагуух зэгс болон дэрс шатаж хээрийн түймэр гарчээ.
Тус газар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 27-р ангийн ахлах ахлагч Д.Цэрэнпүрэвээр ахлуулсан баг шуурхай хүрэлцэн ирж галыг бүрэн унтраажээ. Тус галыг унтраалгүй цаг алдсан бол Мөрөн сумын урд захад байрладаг Сод монгол, Магнай трейд шатахуун түгээх станцууд шатах аюул ойрхон байжээ. Хуурайшилт их байгаа хаврын улиралд гал түймэр гарах эрсдэл ойрхон байдаг учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Л.Бямбасүрэн анхааруулан сэрэмжлүүлэв.
Б.Гантуяа