Азийн 10 хүн тутмын нэг нь үгээгүй ядуу амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-31 16:09:27

БАНГКОК. /ВВС/. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг мэдэгдэхүйц өссөөр байгаа хэдий ч тус бүс нутгийн хүн амын 10 хувь нь буюу 400 сая орчим хүн өдөрт 1.90 доллароос бага орлоготой буюу үгээгүй ядуу амьдарч байна гэж НҮБ болон Азийн Хөгжлийн банк мэдэгдлээ.

Эрүүл мэнд, боловсрол болон амьжиргааны түвшин зэрэг өргөн цар хүрээг хамарсан хүчин зүйлсийг шалгуур болгон 2010-2013 онд судалгаа явуулахад тус бүс нутагт ядуусын тоо 931 сая байжээ. Өөрөөр хэлбэл, тус бүс нутагт амьдардаг дөрвөн хүн тутмын нэг нь ядуусын тоонд орж байсан байна.

Мөн 2012 онд тус бүс нутагт 11.7 сая хүн албадан хөдөлмөр эрхэлж байсан нь дэлхийн бусад бүс нутгийнхтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт аж. Үүнээс гадна бараг 1 тэрбум хүн ямар ч нийгмийн хамгаалалтгүй, маш бага цалин хөлстэйгөөр ажиллаж байжээ.

Авлига, хүний эрхийн хамгаалал дутмаг болон тэгш бус байдал газар авч байгаа нь тус бүс нутагт нийтийг хамарсан хөгжин цэцэглэж буй ирээдүйг бий болгоход саад учруулж байна гэж дээрх тайланд онцлон тэмдэглэсэн байна.

Үүний сацуу уур амьсгалын өөрчлөлт нь Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудад тулгамдаж буй томоохон сорилт болоод байна. 2015  онд л гэхэд тус бүс нутагт 155 удаа байгалийн гамшиг тохиосны улмаас 6700 хүний амь эрсдэж, 32.6 тэрбум долларын эдийн засгийн хохирол учирчээ.

Гэхдээ энэ зуунд Ази-Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулах хүчин чармайлтад ихээхэн ахиц дэвшил гарчээ. 2000-2004 онд тус бүс нутгийн үгээгүй ядуусын тоо дээр дурдсанаас бараг гурав дахин олон байсан байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд илүү их зүйл хийх хэрэгтэй байгааг тайланд цохон тэмдэглэжээ.

2015 онд гаргасан дэлхий нийтээрээ хүрэх 17 зорилт нь 2030 он гэхэд дэлхийн нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм.

Ази-Номхон далайн хүн амын талаас илүү хувь нь 2018 он гэхэд хот суурин газруудад амьдрах төлөвтэй байгаа учраас НҮБ болон Азийн хөгжлийн банкны шинжээчид хотын ядуусын амьдралыг сайжруулах талаар зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид “хотын хөгжлийн төлөвлөгөөнд нийгмийн бүх давхаргынхныг хамруулж, цагаач ажилчдын, ялангуяа эмэгтэйчүүдийн аж амьдралд дэмжлэг үзүүлж, байгалийн гамшигт тэсвэртэй дэд бүтцийг барихад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд

 

 

Related news