Хөдөө шувууны аж ахуй хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:23:01

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Далан түрүү” нөхөрлөл хөдөлмөрөө хоршиж хүнсний ногоо болон 200 гаруй тахиа шувуу үржүүлж байна.

Дөрвөн төрлийн тахиа, галуу, нугас, цацагт хяруул гээд өндөг махны чиглэлээр, ашиг шим, үржүүлгийн хувьд  хамгийн эрэлт ихтэй  шувуудыг нөхөрлөлийн 13 орчим гишүүд  байгаль, орон нутгийн онцлогт дасган үржүүлж байгаа юм. Цацагт хяруул хавар дөрвөн сараас эхлэн өдөр болгон өндөглөж эхэлдэг бөгөөд 20-иод өндөг гаргасны дараа 28 хоногийн дараа өнжиж дахин өндөгөө дардаг аж.

Нөхөрлөлийн ахлагч, аймгийн аварга ногоочин Д.Лувсанпүрэвээс зарим зүйлийг тодруулбал “Бид шувуугаа Улаан-Үдээс авчирч үржүүлдэг. Тахианы өндөг 250 төгрөг, нугасных 500,  галууных 750 төгрөгөөр худалдаална. Сумынхан маш их сонирхдог. Харин  нэг галууг 80 мянга, нугасыг 60 мянга, цацагт хяруулыг 150 мянга, эрийг нь 200 мянган төгрөгөөр худалддаг. Шувуу үржүүлэхдээ өвс ургамал, хорхой шавьж юу л байна тухайн байгаль орчны нөхцөл бололцоонд нь дасгаж үржүүлдэг” гэлээ. Дашрамд дурдахад  тэднийхээс шувууны аж ахуй эрхлэхээр шувуу худалдаж авсан хүмүүс арчилгаа тордолгоо мэдлэг, мэдээлэл дутмаг байлаас болж үхүүлдэг байна .

Х.Эрдэнэбулган

Related news