Цэргийн насны залуусын 40 орчим хувь нь олдмол эмгэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-06 15:20:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт цэрэгт татагдаж байгаа нийт залуусын 40 гаруй хувь нь ямар нэгэн олдмол эмгэгийн улмаас цэрэгт тэнцэхгүй байгаа учраас цэргийн насны залуучуудын эрүүл мэнд болон боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд залуусыг бичиг үсэгт сургах, эрүүл мэндийн олдмол гэмтлүүдийг эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл байх мэдээлэл зөвлөгөө өгөх сургалтыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал залуусын эрүүл мэндийн эмгэгт хуруу гараа тайруулсан, моринд өшиглүүлээд тахийсан, зүрх томорсон, чихний хэнгэрэг цоорсон, уушиг сүүдэртэй, хараа муу зэрэг зонхилдог бол сүүлийн үед бэлгийн замын өвчин, бөөрний үрэвсэл нэмэгдэж байгаа гэнэ. Ялангуяа өвчнийг анхан шатанд нь эмчлүүлэхгүй явсаар даамжруулж эрүүл мэндээрээ хохирч цаашлаад амь насаа алдах эрсдэл ойрхон байгааг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Д.Бямбацогт хэлж байлаа.  

Хөвсгөл аймагт 130 орчим мянган иргэд амьдардаг бөгөөд нийт иргэдийн 49 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Тэдний дотор цэргийн насны буюу 18-26 насны залуус 18 орчим хувь нь байдаг аж.

Б.Гантуяа

Related news