АНУ-ын Аркансаст 7 хоногийн дотор 4 хүнийг цаазаар авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-28 13:37:51
ВАШИНГТОН. /ВВС/. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа цаазын ял гүйцэтгээгүй АНУ-ын Аркансас муж улсад долоо хоногийн дотор дөрвөн хүнийг цаазаар авлаа.

1999 онд хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагчийг хөнөөсөн хэргээр шоронд хоригдож байсан Кеннет Уильямс үүнээс нэг жилийн дараа шоронгоос оргож, хоёр хүний аминд хүрчээ. Өчигдөр оройн 23:05 цагт түүнийг цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.

Түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж өмгөөлөгчид нь мэдэгдээд, давж заалдсан хэдий ч АНУ-ын Дээд шүүх давж заалдах гомдлыг хүлээж аваагүй ажээ. Кеннет Уильямс бол өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас хойших долоо хоногийн хугацаанд тус муж улсад цаазлуулсан дөрөв дэх хүн юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүн амины хэрэгтэн Лиделл Ли-г цаазаар авсан бол энэ даваа гарагт Жек Жонс, Марсель Уильямс нарыг цаазаар авчээ.
 
Г.Доржханд
Related news