Д.Трамп худалдааны шинэ агентлаг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-04 10:13:17
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдаа, аж үйлдвэрийн бодлогоо чамбай болгох зорилгоор байнгын үйл ажиллагаатай шинэ газрыг /агентлаг/ Цагаан ордон дотор байгуулжээ.

Энэ шинэ газрын нэр нь “Цагаан ордны Худалдаа ба үйлдвэрлэлийн бодлогын газар” юм. Тус газар нь Америкийн хөдөлмөрчид болон компаниудыг хамгаалахад чиглэсэн Д.Трампын хүчин чармайлтуудыг ажил хэрэг болгох аж. Мөн тус газар нь АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг бууруулах, ерөнхийлөгчийн санаачилсан худалдаатай холбоотой тусгай төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг хариуцах юм.

Худалдааны асуудлаар ерөнхийлөгчид зөвлөгөө өгдөг “Цагаан ордны үндэсний худалдааны зөвлөл”-ийн оронд энэ шинэ газрыг байгуулжээ. Тус зөвлөлийн тэргүүн Петер Наварро шинэ газрыг удирдахаар томилогдсон байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “АНУ энэ шинэ газрыг байгуулснаараа худалдааны шударга бус аргуудыг тэвчихгүй гэсэн мессэжийг дэлхий дахинд илгээлээ” гэв.
Г.Доржханд





Related news