Нью-Йорк хотын оршин суугчид 1 тэрбум доллароор торгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-04 16:43:02
НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йорк хотын захиргаа өнгөрсөн 2016 онд янз бүрийн зөрчил гаргасан оршин суугчдад 993 сая долларын торгууль ногдуулсан нь "түүхэн дэх дээд үзүүлэлт" болсон тухай New York Daily News” сонинд мэдээлжээ.

Торгуулийн нийт хэмжээ өмнөх 2015 онтой харьцуулахад 7 хувиар нэмэгдсэн байна.

Хаясан хогоо цэвэрлээгүй, гэрийнхээ ойр орчмын газрыг цэвэрлээгүй, оройн цагаар их дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван алдагдуулсан, зөвшөөрөлгүйгээр худалдаа хийсэн зэрэг зөрчлүүд гаргасан хотын иргэдэд нийтдээ 700 мянга орчим ширхэг торгуулийн хуудас илгээсэн аж. Сүүлийн гурван жилийн дотор иймэрхүү зөрчлийн тоо 50 гаруй хувиар нэмэгдэж, 184 сая долларын торгуулийг зөрчил гаргагчдад ногдуулжээ. Торгуулийн хэмжээ өссөн нь нью-йоркчуудын амьдрал сайжирч, хэр баргийн торгуулийг тоохоо больсонтой холбоотой гэнэ.   

Автомашинаа буруу газарт байрлуулсан иргэдийг өнгөрсөн онд 545 сая доллароор торгосон нь нийт торгуулийн мөнгөний 55 хувь болж байна.

Нэгэн сонирхолтой зүйлийн талаар дурдахад, тус хотын бизнес эрхлэгчид бусад иргэдтэй харьцуулахад илүү сахилга баттай, эмх цэгцтэй болсон байна. Зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагуудад ногдуулсан торгуулийн хэмжээ 27 саяар буурсан нь үүнийг гэрчилж байна.

Харин хотын эрх баригчид тодорхой үндэслэлтэйгээр торгуулийн арга хэмжээ авсан гэж үзэж байгаа ажээ. “Улаан гэрэл ассан үед зам хөндлөн гарахгүй байх, гудамжинд хог хаяхгүй байхыг хүмүүст дадал зуршил болгохыг бид хичээж байна. Жижиг үйлдвэрүүдэд ногдуулдаг торгуулийг багасгаж, урьд нь гэмт хэрэг гэж үзэж байсан зөрчлүүдэд захиргааны шийтгэл оноож байна” гэж Нью-Йорк хотын захиргааны төлөөлөгч Остин Финан ярилаа.
Х.Сарнай
 



 
Related news