Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ныг хүртэл бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-05 13:41:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан  настай  32623 хүүхэд  элсэнэ. 

Элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хамран сургах тойрог тогтоох тухай, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг  тус тус үндэслэн  зохион байгуулж байна.

Төрийн ба төрийн бус өмчийн ЕБС-иуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд  бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулна.  Элсэлтийн ажлыг зохион байгуулах дүүргийн комиссыг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн комиссыг захирлын тушаалаар батлах юм.  Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.  

Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс  2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.  Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Элсэгчдийг бүртгэхдээ Хүүхдийн  төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний  эх хувь  болон хуулбар,  3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,  шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр  бүртгүүлэх юм.

Ж.Болор

Related news