2012 онд оюутныг бүлэглэн хүчирхийлсэн этгээдүүдэд оноосон цаазын ялыг хэвээр үлдээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-06 14:10:21
ШИНЭ-ДЕЛИ. /BBC/. 2012 онд Шинэ-Дели хотод нэгэн оюутныг бүлэглэн хүчирхийлж, хөнөөсөн дөрвөн этгээдэд оноосон цаазын ялыг Энэтхэгийн Дээд шүүх өчигдөр хэвээр үлдээлээ.

Акшай Тхакур, Винай Шарма, Паван Гупта  болон Мукеш гэх дөрвөн этгээдэд 2013 онд цаазын ял оноож байсан юм.

Тус улсын шүүгч Р. Банумати давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзныг мэдэгдээд “энэ дөрвөн этгээд нь нийгмийг цочирдуулсан “зэрлэг балмад гэмт хэрэг” үйлдсэн” гэв.

2012 оны 12 дугаар сард  анагаах ухааны их сургуулийн 23 настай оюутныг дээрх этгээдүүд бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн юм.

Энэтхэгчүүд төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан энэ хэргийн улмаас Энэтхэг улс бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгасан билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан анх зургаан этгээдийг баривчилсны нэг нь 2013 оны гуравдугаар сард шоронд амиа хорложээ.

Өөр нэг гэмт этгээд нь гурван жилийн хорих ял эдэлснээр 2015 онд шоронгоос суллагдсан байна. Хэрэг гарах үед 17 настай байсан түүнд Энэтхэгийн хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдэд оноох хамгийн дээд ял буюу гурван жилийн хорих ялыг оноож байжээ.
Г.Доржханд
Related news