БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-10 20:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.

Ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шинээр авахаар төлөвлөж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, хүү нь 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм.

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.

Товч мэдээ

- Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.

- Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна. 

- Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Related news