Алслагдсан сумын иргэд эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-10 23:11:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймагт ажиллах үеэр алслагдсан сумын хүн эмнэлэгүүдэд түргэн тусламжийн пургон автомашиныг хүлээлгэн өгөв. Энэ үеэр аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын сум дундын эмнэлэг, Хатгал, Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд шинэ автомашинаа хүлээн авлаа.
“Хөдөө орон нутгийн иргэдэд ялангуяа малчны хотонд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэхэд найдвартай техник хэрэгсэл хамгийн чухал байдаг. Бартаа саад ихтэй газар яаралтай дуудлаганд явахад эмч нар маань санаа зовох зүйлгүй боллоо. Энэ бол хоймор нутгийн эрүүл мэндийн салбарт хийж байгаа хамгийн чухал хөрөнгө оруулалт учраас бид баяртай байна. Дээрх сумдын түргэн тусламжийн автомашины зарим нь эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан, эмч нар хувийн автомашинаар дуудлаганд явдаг байсан. Одоо иргэн бүрт шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх болно” гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.
Б.Гантуяа
Related news