“Nestle” компани заргаа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-19 14:03:14
ЛОНДОН. /Reuters/. Лондон хотын давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар дөрвөн хуруу шиг хэлбэртэй "Кит Кат" шоколадыг Их Британийн худалдааны тэмдэгтээр бүртгүүлэх гэсэн “Nestle”-гийн оролдлого бүтэлгүйтсэн байна.  
 
Кит Кат шоколад нь тодорхой ялгарах шинж чанаргүй болсон гэж үзэж буй "Cadbury" компанийн эсрэг "Nestle" нэхэмжлэл гаргаад байсан юм.
 
Их Британийн шүүх 1 дүгээр сард "Cadbury" компанийн талд шийдвэр гаргаж байв. Харин лхагва гарагт гаргасан шийдвэр нь уг шоколадыг Их Британийн худалдааны тэмдэгтээр бүртгүүлэхээр "Nestle" компани 2010 онд оролдож эхлэх болсноос хойш хоёр компанийн хооронд өрнөж буй хууль эрхзүйн маргааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ юм. 

Дээрх шийдвэрт харамсч байгаагаа “Nestle” компани илэрхийлээд дараа дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн байна.
 
“Кит Кат" шоколаданд дэлхийн даяараа дурладаг бөгөөд түүний дөрвөн хуруутай хэлбэрийг хэрэглэгчид сайн мэддэг” гэж “Nestle” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурдаад “Герман, Франц, Австрали, Өмнөд Африк болон Канад улсуудад уг брэнд бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг” гэж онцолжээ.
 
“Nestle” компанийн цахим хуудсанд бичсэнээр бол, "Кит Кат" нь шоколадаар бүрсэн вафли бөгөөд нэрийг нь XVII зууны үеийн нэгэн утга зохиолын дугуйлангийн нэрнээс санаа аван өгсөн гэнэ.
 
Анхны дөрвөн хуруу хэлбэрт вафлийг Йорк хотод 1935 онд хийж байсан бөгөөд түүнийг 1937 онд "Кит Кат" брэнд болгон өөрчилсөн байна.
 
Европ тивд шоколадны хэлбэрийг хамгаалан авч үлдэх гэсэн “Nestle”-гйин хичээл зүтгэл 12 дугаар сард талаар болсон юм.  Учир нь, хэрэглээний хувьд "Кит Кат" тодорхой ялгарах шинж чанартай болсон гэж үзсэн 2007 оны шийдвэрийг Европын Холбооны шүүх хүчингүйд тооцсон байна.
Х.Сарнай 



 
 
Related news