Энэтхэгийн Гоа мужид гүүр нурсны улмаас олон хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-19 14:25:39
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн баруун нутгийн Гоа мужид явган зорчигчийн гүүр нурсны улмаас наад зах нь 2 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн сураггүй болсон байж магадгүй байна. 

Тухайн үед Куркорем хотод байдаг Санвордем гол руу үсэрсэн нэгэн эрийг аврах багийнхан хэрхэн аварч байгааг харахаар хүмүүс гүүрэн дээр овоорсон байжээ. Гүүр нурах үед 50 гаруй хүн гүүрэн дээр байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

60 гаруй жилийн настай хуучин гүүрийг ашиглахыг хориглосон байжээ.

Олон хүн нурсан гүүрэн дороос гарч чадалгүй гацсан байж магадгүй гэж орон нутгийн цагдаагийн ажилтан ярьсан байна.

Өмнөд Гоа мужийн Засгийн газрын  гишүүн Нарендра Савайкар хэлэхдээ “харамсалтай золгүй явдал боллоо" гээд “засаг захиргааны зүгээс уг гүүрийг аюултай гүүр гэж сануулсан бичгийг гүүрийн хоёр талд тавьсан байсан бөгөөд гүүрийг нураан буулгах гэж байсан" гэжээ.

 
Х.Сарнай 

 

Related news