"Улаанбаатар марафон"-д 33 мянган хүн оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-05-20 12:50:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж, 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд ялагчдаа тодруулав.

НЗДТГ, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор "Улаанбаатар марафон" тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16 мянга 839, 2015 онд 18 мянга 85,  2016 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутгаас, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид гээд 27 мянга гаруй хүн оролцож байсан бол энэ жил 33 мянга гаруй иргэн оролцов.


Тэмцээнийг нээж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарсан. 
 
Марафонд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр нар оролцсоноороо  онцлог боллоо.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчид 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд уралдаж байгаа юм. "Элит" гараанд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Монголын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Д.Гантөмөр, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Монголын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Япон улсын тамирчин Вүчибара Арата нарын тамирчид гарсан.

Ингээд 21 км-ийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Кiprotich Chelang’a Robert тэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр, 3-т Алдар спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нар оров.
Эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, 2-р байрт ОУХМ Ч.Шинэцэцэг, 3-р байрт ОУХМ Ц.Санжидмаа нар тэргүүлжээ.

"Улаанбаатар марафон"-ын ялагч Кени улсын тамирчин Силлас К.Санг эрэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайг 2 цаг 13 минутад туулж тэргүүллээ. Түүний хувийн амжилт нь 2 цаг 12 минут 23 секунд аж. Тэрбээр "Улаанбаатар марафонд анх удаа ирж оролцож байна. Зам, цаг агаар бүгд тааламжтай сайхан байлаа" гэж сэтгэгдлээ хуваалцав.

МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од "Өнөөдөр хараахан рекорд амжилтаа эвдэж чадсангүй. Хагас марафонд миний амжилт 1 цаг 2 минут 10 секунд байдаг. Өнөөдөр 1 цаг 4 минут 34 секунд гүйлээ. Марафонд идэвхтэй оролцож байгаа бүх хүмүүст баярлаж байна. Тэнгэр хангай ч ивээж сайхан өдөр таарлаа" гэв. 



Ийнхүү нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой "Улаанбаатар марафон" амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа. Мөн марафонд оролцож замаа дуусгасан нийт оролцогчдод Батламж гардуулсан юм. Энэ жилийн марафон олон онцлогтой болсны зэрэгцээ тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцлоо.
 
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Related news