Энэ онд 700 мянган цагаач, дүрвэгч Европт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-28 16:44:55

ЖЕНЕВ. /Prensa Latina/. Энэ сард Газар дундын тэнгисээр дамжин Европт 180 мянга орчим бичиг баримтгүй цагаач, дүрвэгч Европт ирснээр энэ жил тус тивд ирсэн нийт цагаачдын тоо 700 мянгад хүрч байна гэж НҮБ мэдэгдэв.

Энэ сарын үзүүлэлт нь өнгөрсөн саруудыг бодвол хамаагүй илүү байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар болон Олон улсын цагаачдын байгууллага мэдэгдээд, Газар дундын тэнгисийг гатлах үеэрээ 3200 хүн амиа алдсаныг сануулсан байна.

Бичиг баримтгүй хүмүүсийн дийлэнх нь Грекээр дамжин хөгшин тив буюу Европ руу ирж байгаа бөгөөд цаг агаарын байдлын улмаас дүрвэгсдийн урсгал нэмэгдсээр байна гэж дээрх хоёр байгууллага мэдэгджээ.

Европыг зорих аян замдаа хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд болон Газар дундын тэнгист амиа алдсан хэдэн мянган хүнд зориулж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар өнгөрсөн долоо хоногт гашуудал зарласан байна.

Д.Нямтулга

 

Related news