БНХАУ, Монгол уул уурхайн салбарт хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-29 14:55:10

ХӨХ-ХОТ. /Xinhua/. Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод нээлтээ хийсэн соёлын үзэсгэлэн худалдааны үеэр БНХАУ болон Монгол ашигт малтмалын нөөцийн хайгуул хийх тухай найман гэрээнд гарын үсэг зуржээ.

БНХАУ-Монголын анхдугаар үзэсгэлэн яармагийн үеэр хоёр орны Засгийн газар болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид наад зах нь 4.73 тэрбум долларын өртөг бүхий гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна.

Байгалийн ховор хий болон өнгөт металлын хайгуул, уул уурхай, хайлуулах үйлдвэр болон бусад эрдэс баялгийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг төсөл үүнд оржээ.

Монголын нүүрсний “Тавантолгой” орд болон зэс, алтны томоохон “Оюутолгой” ордын үйл ажиллагааг гүнзгийрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд мөн гарын үсэг зурав.  

БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны наймдугаар сард хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, ашигт малтмалын хайгуул, дэд бүтэц, санхүүгийн салбарт гол анхаарлаа хандуулан бүх шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн баасан гарагт байгуулсан уг гэрээнүүд нь хоёр удирдагчийн гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг нь юм.

2014 оны статистик мэдээллээс үзвэл, БНХАУ нь Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд сүүлийн 10 гаруй жилд Монголд оруулсан гадаад хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр ажээ.

2014 онд БНХАУ болон Монгол хоорондын худалдааны эргэлт 7.3 тэрбум доллар хүрчээ. Монгол голдуу мал аж ахуйн бүтээгдэхүүн болон ашигт малтмал БНХАУ-д экспортолдог байна.

Д.Нямтулга

 

Related news