Рави Шанкер Гоел: Дэлхийд хэдий чинээ олон хүн йогоор хичээллэнэ, төдий чинээ энхтайванч байдлыг тунхаглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-06 15:23:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг Улсын ЭСЯ-наас энэ сарын 18-нд их жанжин Д.Сүхбаатарын талбайд Олон улсын Йогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг арга хэмжээтэй холбогдуулж, тус ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга ноён Рави Шанкер Гоелтой ярилцлаа.

-Йогийн өдрийг анх хэдийнээс Энэтхэг улс тэмдэглэж байгаа түүхээс  ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэтхэг Улс 2014 онд анх Йогийн өдөртэй болох санаачилгыг НҮБ-д гаргасан. Энэхүү хүсэлтийг дэлхийн 177 орон хүлээн зөвшөөрсний дагуу НҮБ-аас 6 дугаар сарын 21-ний өдрийг Йогийн өдөр болгон 2015 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй.

Эл өдрийг Монгол Улс мөн 2015 оноос эхлэн Д.Сүхбаатарын талбайдаа тэмдэглэж ирсэн. Тухайн үед 1000 гаруй хүн тус арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцож байв. 2016 оны хувьд Элчин сайдын яаман дээрээ тэмдэглэсэн. Нэлээн олон тооны хүн ирж арга хэмжээнд маань оролцож байсан юм. Гурав дахь удаагийн Олон улсын Йогийн өдөр маань энэ сарын 18-ний ням гарагт болно. Иймд бид бүхэнд энэхүү арга хэмжээг их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах боломжийг олгосон Монгол Улсын Засгийн газарт та бүхнээр дамжуулан талархсанаа илэрхийлье.

Энэ жилийн Йогийн өдрийг угтаж ЭСЯ-наас төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Монголын Хүүхдийн ордонд Йогийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн харуулж байна. Мөн энэ сарын 13-ны өдрөөс Үндэсний Түүхийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Үүнээс гадна Улаанбаатар хот дахь Йогийн төвүүд өөр өөрсдийн арга хэмжээг явуулах юм.

Сүүлийн жилүүдэд монголчууд олноороо йогоор хичээллэх болжээ. Үүнтэй холбоотой өдгөө Улаанбаатар хотод  30 гаруй йогийн төв ажиллаж байна. Йог бол эрүүл бие, саруул ухааныг тэтгэдэг. Үүнээс гадна бөмбөрцгийн эв нэгдэл, энх тайвныг цогцлооход томоохон түлхэц болох систем юм. Иймд Йогийн Олон улсын өдрийн арга хэмжээнд монгол хүн бүр ирж, уламжлалт йогийн талаар илүү өргөн хүрээнд ойлголт аваасай гэж хүсч байна.



-Энэхүү өдрийг ямар уриан дор тэмдэглэх гэж байна вэ. Тус өдрийг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ. Мөнхүү өдөрлөгөөс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Йогийн ач холбогдлыг яривал маш олон зүйлийг ярих боломжтой. Хамгийн гол нь нэгдэл юм. Нэгдэл дотроо хувь хүн, хувь хүний ертөнц дэх нэгдлийг ярьж байгаа юм. Хэн нэгэн йогоор хичээллэж эхэлснээр ач тус нь тухайн хүндээ шууд илэрдэг гэсэн үг. Йог хийснээр хувь хүнд тайван байдлыг авчирдаг. Хувь хүн тайван амгалан байна гэдэг гэр бүл амгалан байх үндэс юм. Гэр бүлийн уур амьсгалаас хамаарч тухайн орчин тойрны хүмүүс амар амгаланг мэдэрнэ. Олон нийт тайван байснаараа нийгэмд эв нэгдэл бий болдог.

Энэ жилийн хувьд Энэтхэгээс мэргэжлийн багш хүрэлцэн ирж, зөв йог гэж юу болох, зөв байрлал ямар байхыг зааж сургах юм. Өөрөөр хэлбэл, бидний энэхүү арга хэмжээний гол зорилго нь йогийг уламжлалт байдлаар нь иргэдэд хүргэх явдал юм. Түүнчлэн ЭСЯ-наас уламжлалт йогийг дэлгэрүүлэх үүднээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд нэг монгол йогийн багшийг нэг сарын хугацаатай Энэтхэгт сургахаар явуулсан.

Ер нь бол жил бүрийн арга хэмжээ “Эв нэгдэл-Энхтайваны төлөө” гэсэн уриан дор өрнөдөг. Энэ нь йогоор хичээллэсэн хүн бүр дотроо амар амгаланг цогцлоож, гадагшаа энхтайван, сайн сайхныг нийгэмд авчрах явдал гэж үздэг. Иймд уриа маань жил бүр ижил байдаг юм. Үүнээс гадна энэ жил хүүхдэд зорилсан йогийн хөтөлбөр явуулахаар төлөвлөж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ЭСЯ-наас йогийн үзүүлбэрийг хүүхэд багачуудад үзүүлсэн. Тус хөтөлбөр хүүхдүүдэд маш их таалагдсан тул тус үзүүлбэрийг энэ сарын 18-ний өдрийн арга хэмжээнд оролцуулахаар болсон.

Дашрамд хэлэхэд, йог нь ямар үндэстэн ястан байх, ямар шашинтай байхаас үл хамаарч хүн төрөлхтөний томоохон өв юм. Иймээс монгол хүн бүр йогоор хичээллэж үр дүнг нь хүртээсэй хэмээн хүсч байна. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд хандаж, өдөрлөгийнхөө талаар мэдээлэл өгч байна. Энэхүү өдөрлөгт оролцсоноор йогийг хэрхэн зөв хийх вэ гэдэгт суралцах болно.



-Та сая йог бол хүний бие бялдар, оюун санаанд ач тусаа өгөөд зогсохгүй эв нэгдэл, энхтайвныг цогцлоогч гэж хэллээ. Ер нь улстөрийн нөхцөл байдал, ойлголцолд йогийг ашиглах хувилбар байж болох уу. Та юу гэж бодож байна вэ?

-Энэтхэгчүүд сүүлийн хэдэн мянган жилийн турш йогоор хичээллэж байна. Ер нь Энэтхэг Улсын түүхэнд манай улс аль нэг орон руу дайрч, дайн дажин дэгдээж байсан түүх байдаггүй. Түүхээс үзэхэд йог нь энхтайванч байдлыг бий болгож байгаагийн илрэл юм болов уу гэж бодож байна. НҮБ-аас жил бүрийн  6 дугаар сарын 21-ний өдрийг Йогийн өдөр болгон тэмдэглэж байгаа гэдгийг ярианыхаа эхэнд хэлсэн. Эл өдрийг дэлхийн олон орон тэмдэглэж эхэлж байна.

Ер нь йог хийнэ гэдэг нь ганц өдрийн дасгал сургууль биш. Хүн бүр өдөр тутам йог хийж байх ёстой. Ингэснээр аажим аажмаар өөрийгөө болон нийгмийг энхтайванч байдал руу авчрах бололцоотой. Йогоор хичээллэдэг хүмүүсийн туршлагаас харахад, илүү эрүүл, илүү амар амгалан байдлыг өөртөө бүрдүүлсэн байдаг. Дэлхий дээр хэдий чинээ олон хүн йогоор хичээллэнэ, төдий чинээ энхтайванч байдлыг тунхаглах болов уу гэж боддог.

-Дэлхийн хэдэн улс энэ өдрийг тэмдэглэж байна вэ. Мөн хэдэн хүн йогоор хичээллэж байгаа тухай статистик мэдээлэл байдаг уу?

-Зургадугаар сарын 21-ний өдрийн дараа хэдэн орон эл өдрийг тэмдэглэв, хичнээн хүн оролцов гэдгийг хэлэх бололцоотой. Монгол Улсын хувьд 6 дугаар сарын 18-нд тэмдэглэж байгаа маань цаанаа учиртай. 18-ний өдөр маань ням гараг таарч байгаа бөгөөд аль болох олон хүнийг хамруулах үүднээс амралтын өдрийг сонгосон юм.

Олон оронд энэхүү өдрийг тэмдэглэх нь зайлшгүй. Зөвхөн Дели хотод болсон өнгөрсөн жилийн нэг л арга хэмжээнд 30 мянган хүн оролцож, Гиннесийн амжилт тогтоосон байдаг. Йог нь сайн дурын арга хэмжээ байдаг тул яг хичнээн хүн оролцов гэсэн бүртгэл явуулдаггүй. Тиймээс барагцаалсан байдлаар оролцогчдын тоог гаргадаг. Гэхдээ жил ирэх тутам оролцогчдын тоо нэмэгдсээр байна.



-Та Улаанбаатарт 30 гаруй йогийн төв байдаг гэлээ. Энэтхэгт хичнээн төв байдаг, нийт хүн амдаа харьцуулвал тэнд хэдэн хүн хичээллэж байна вэ?

-Энэтхэгт йог бол амьдралынх нь үндсэн хэв маяг байдаг. Товчдоо бол гэр бүлийн үеэс үед уламжилж ирсэн хэв маяг юм. Жишээлбэл, тухайн өрхийн өндөр настан йогоор хичээллэдэг бол хүүхдүүддээ зааж уламжлуулдаг. Ямар нэг йогийн арга барил сурья гэвэл йогийн төвд хандаж мэргэшиж болно. Гэр орондоо, сургууль дээрээ гэх мэтээр йогоор хичээллэдэг болохоор нарийн тоо гаргахад хэцүү. Ер нь бүх насныхан йог хийдэг.

Энэтхэг Улсын зорьж буй гол асуудал бол йогоор хичээллэх нь бие махбодь, оюун санааны хувьд, эв нэгдэл, энхтайвны хувьд чухал ач холбогдолтой юм гэдгийг дэлхий нийтээр мэдүүлэх явдал юм. Манай улсын зүгээс олон оронд йог түгээн дэлгэрч байгаад талархалтай ханддаг.

-Йогоор хичээллэхийг хүсч байгаа болон Олон улсын Йогийн өдрийн арга хэмжээнд очихоор төлөвлөж буй иргэдэд хандаж та юу хэлмээр байна вэ?

-Миний хүсэлт бол монгол хүн бүр йогийн зөв арга барилд суралцаасай. Йогоор хичээллэснээр хэн байхаас үл хамаарч богино хугацаанд их үр дүнд хүрэх болно шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа бага насны хүүхдүүд, ахмадууд йогоор хичээллэвэл зүгээр байдаг. Уян хатан, эрүүл бие бялдартай болохоос гадна оюун санаагаа залуу сайхнаар нь хадгалах боломжтой. Хэрэв та амар амгаланд хүрвэл, гэр бүл тань, хүрээлэн буй нийгэм тань, Монгол Улс тань амар амгаланд хүрч, улмаар дэлхий энх тайванч байдалд хүрэх бололцоотой.

Тиймээс 6 дугаар сарын 18-ны өдрийн йогийн өдөрлөгийн арга хэмжээнд та бүгд идэвхтэй оролцож биднийг дэмжээрэй. Хэрэв биднийг та бүхэн дэмжвэл ирэх жилийн арга хэмжээг илүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зорин ажиллах болно. 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Related news