Умард Солонгосын эрх баригчид америк оюутныг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /NHK/. Умард Солонгосын тал америк оюутныг 17 сарын турш хорьсныхоо дараа суллалаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэн байна .
Р.Тиллерсон мягмар гарагт болсон Сенатын хуралдааны үеэр Отто Уормбиер суллагдсан талаар мэдэгджээ. Оттог өнгөрсөн оны 1 дүгээр сард баривчилсан бөгөөд Умард Солонгосын Дээд шүүхээс БНАСАУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд 15 жилийн хугацаагаар хүнд хүчир ажил хийх ял оноосон юм.
О.Уормбиер одоо АНУ руу ирж яваа гэж Р.Тиллерсон мэдэгдсэн байна. Зарим хэвлэлд бичсэнээр, Умард Солонгост байх хугацаанд О.Уормбиерын бие муудаж, хэдэн сарын турш ухаангүй байжээ. АНУ өөрийн тусгай төлөөлөгч болох Жозеф Юныг Умард Солонгос руу илгээж харилцан тохиролцоонд хүрсэн гэж Төрийн Департаментын ажилтан ярьсан байна.
О.Уормбиерыг сулласан явдал нь нэрт сагсан бөмбөгчин Денис Родманы Умард Солонгост ирсэнтэй огт холбоогүй гэж Төрийн Департамент онцлон тэмдэглэсэн байна. Мөн цаашдаа Умард Солонгост хоригдож буй 3 америк иргэнийг суллахын тулд хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэж Төрийн Департаментын албаны хүн мэдэгдлээ.
Х.Сарнай