Австрали улс Манус арлын дүрвэгсдэд олон сая долларын нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-14 14:35:37
СИДНЕЙ./TASS/. Австралийн Засгийн газар 2012-2016 оны хугацаанд Папуа Шинэ Гвиней улсын Манус арал дахь дүрвэгсдийн хуаранд байрлаж байсан хууль бус цагаачдын өмгөөлөгчидтэй санал зөрөлдөөнөө эцэслэн шийдвэрлэжээ. “The Telegraph” сонинд бичсэнээр, талууд Мельбурн хотод шүүх хурал эхлэхээс хэдхэн цагийн өмнө тохиролцоонд хүрсэн байна.

1900 гаруй дүрвэгсдийн эрх ашгийг төлөөлж буй “Slater and Gordon” хуулийн фирмийн өмгөөлөгчид Манус арал дээр цагаачдыг байх хугацаанд тэдэнд бие махбодь, сэтгэл санааны ихээхэн хохирол учруулсан гэж үзэж байгаа аж. Харин Засгийн газрыг төлөөлж буй өмгөөлөгчид үүнийг эрс үгүйсгэж байсан юм. Гэсэн хэдий ч Засгийн газар сүүлчийн мөчид уг хэргийг шүүхээр оруулалгүйгээр шийдвэрлэж, дүрвэгсдэд нөхөн төлбөр олгохыг зөвшөөрчээ. Өмгөөлөгчдийн ярьснаар, нөхөн төлбөрийн мөнгөний нийт дүн 70 сая австрали доллар /52 сая ам. доллар/ байна, гэхдээ энэ асуудлыг шүүхээр нарийвчлан шийдвэрлэх ёстой аж.

Папуа-Шинэ Гвинейн эрх баригчид 10 дугаар сарын эцсээр тус улсын Манус арал дахь дүрвэгсдийн хуаранг хаахаар төлөвлөж байгаа юм. Австралийн Цагаачлал, хил хамгаалах яамны сайд Питер Даттон мэдэгдэхдээ "энэ хуаранд амьдарч буй цагаачдын нэгийг нь ч Австралийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй" гэж нэг бус удаа анхааруулж байв. Манусын цагаачдын нэг хэсгийг Науру гэдэг жижиг арлын улс руу илгээх гэж байгаа ба Австрали улс уг арал дээр хууль бус дүрвэгсдийг байрлуулах төвийг барьжээ.

Цагаачдын үлдсэн хэсгийг нь өнгөрсөн онд Канберра болон Вашингтоны хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд АНУ руу шилжүүлэх юм. Ерөнхийлөгч Дональд Трамп уг хэлэлцээрийг эрс шүүмжилж байсан боловч дараа нь түүнийг дагаж мөрдөхийг зөвшөөрчээ.

Манус болон Науру арал дээр Австралийн талбн байгуулсан цагаач, дүрвэгсдийн төвд амьдардаг хүмүүсийн ихэнх нь Ойрхи Дорнод, Дундад Азийн орнуудын иргэд байдаг бөгөөд тэд өөрсдийгөө эх орондоо хавчигдан мөрдөгдөж байсан гэж баталдаг байна.  
О.Барс 

 

 


 



Related news