Венесуэль: Эсэргүүцлийн жагсаалын үеэр гэмт хэрэг үйлдсэн 23 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-16 15:00:07
КАРАКАС. /Reuters/. Венесуэль улсын нийслэл Каракас хотын ойролцоох Либертадор хотод мягмар гарагийн орой болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 23 сэжигтэй этгээдийг баривчилжээ.

Венесуэлийн Дотоод хэрэг, шударга ёс, энх тайвны яамны сайд Нестор Реверол “El Paraiso орон сууцны хороололд болсон мөргөлдөөний дараа 23 террорист этгээдийг баривчилсан" гэж твиттер хуудсандаа жиргэжээ. Нийслэл хотын баруун дүүрэгт орших орон сууцны хорооллын замын эсрэг талд байрлуулсан хамгаалалтын хаалтуудыг нураан сүйтгэсэн сэжигтнүүд хамгаалалтын албаны 4 офицерийг шархдуулсан байна.  Жагсаалыг тараах үеэр галт зэвсэг болон гар хийцийн тэсрэх бөмбөгүүдийг хураан авчээ. 

Эсэргүүцлийн хөдөлгөөн Венесуэль улсад дэгдсэнээс хойш 3 сар өнгөрч байгаа бөгөөд орон даяар наад зах нь 67 энгийн иргэн амиа алджээ.  Тус орны улс төр ба эдийн засгийн хямралд Ерөнхийлөгч Николас Мадуро буруутай гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсээр байгаа бөгөөд дахин сонгууль явуулж, Үндсэн хуулийг шинэчлэх явдлыг зогсоохыг шаардсаар байгаа юм. 
 
Х.Сарнай 




 


Related news