Том оврын машин явах боломжгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас Тосонцэнгэл сумын Улаан Үзүүр гэдэг газар уулын үер бууж Тахилтын зам дагуух үерийн ус зайлуулах хоёр хоолой бөглөрч, нэг км гаруй замын хоёр талын шороо усанд идэгдэж, том оврын машин явбал цөмрөх эрсдэл үүсчээ.
Иймээс 20 тонноос дээш даацтай машины хөдөлгөөнийг хориглоод байна. Одоогоор бусад машин замын голоор хэвийн зорчиж байгаа бөгөөд авто зам засвар арчлалтын Хөвсгөл АЗЗА компанийн шуурхай хэсэг ажиллаж байна. Зарим газар шавар, хайрга чулуу ихээр овоорсныг цэвэрлэж, сэтэрсэн цөмөрсөн хэсгийг нөхөн сэргээж байна.
Б.Гантуяа