Жин, өндрөөр тэнцэхгүй залуусын тоо урьдахиас нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн хэмжээний энэ жилийн цэрэг татлагад цэргийн насны 1610 залуу хамрагдаж, 472 нь л тэнцжээ. Үлдэх 70 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна.
Энэ тоог өмнөх онтой харьцуулбал багахан буурсан үзүүлэлт гэнэ. Эмч нарын ярьж байгаагаар дотор, мэс засал, чих хамар хоолой, нүдний өвчлөл зонхилж байна. Тухайлбал, энэ жил 304 залуу мэс заслын шалтгаантай, түүн дотор шамбарам өвчтэй нь дийлэнх байжээ. Мөн үе мөч нь хугарч бороолж эдгэснээс болж цэргийн албанд тэнцэхгүй залуус олон байна.
Дотрын өвчлөлд цусны эргэлттэй холбоотой даралт ихсэх болон ходоодны үрэвсэл, вирусын шалтгаант элэгний үрэвсэл хамгийн их байсныг мэргэжилтнүүд онцлов. Хамгийн эмзэглүүштэй нь жин, өндрөөр тэнцэхгүй залуусын тоо урьдахиас нэмэгдсэн байна. Залуусын дунд БЗХӨ –ий цөөнгүй тохиолдол илэрчээ.
Анхаарал татсан нэг мэдээлэл дуулгахад, эрүүл мэндийн үзлэгт орсон залуусаас гарын шуугаа зүссэн байдалтай хэд хэдэн хүн ажиглагдсан нь эцэг эх болон хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагууд өсвөр үеийн залуусын сэтгэлзүйд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Б.Туяа