Хүүхдүүд өөрийн уяж сойсон даагаа уралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-19 16:35:49
Дундговь/МОНЦАМЭ/ Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн Өндөршил суманд сонирхол татахуйц нэгэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь “Даагатай хүүхдүүд” аян болж байна. Хүүхдүүд зуны амралтаараа даага сургаж, уяж уралдуулах эрдэмд суралцана. Уясан даагаа хичээлийн  шинэ жил эхлэх үеэр зохион байгуулах 100 дааганы уралдаанд уралдуулах ажээ.
Хүүхэд багаасаа мал аж ахуйд ойр байж, аав ээж, ах эгч, хамаатан садандаа туслах, эмнэг хангалыг уналга эдэлгээнд сургаж, дааган наснаас эхлэн морь шинжин таньж, уяж уралдуулах эрдмээс суралцах, мал сүргээ морь унаж малладаг уламжлалыг сэргээн өөртөө хэвшүүлэх, ахмад малчин, уяачдын залгамж халаа болж өсч хүмүүжих тэр бүх нөхцлийг энэ аян  зорилго болгожээ. Нөгөөтэйгүүр Өндөршил сум Гүр адуугаа нутгийн угшил адуу хэмээн өсгөж үржүүлж байгаа бөгөөд энэ угшлын адууныхаа үнэлэмжийг өсгөж, өсвөр залуу үеийнхэнд таниулахыг зорьж байгаа ажээ.
Аяныг “Шилийн ирээдүй” ТББ санаачлан сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Шилийн хурд” уяачдын холбоо хамтран зохион байгуулж байна.
Зуны амралтаараа хамгийн олон эмнэг даага уналга эдэлгээнд сургасан хүүхдэд Дундговь аймгийн алдарт уяач, ахмад эмнэг сургагч Ж. Жигмэддоржийн нэрэмжит шагнал, “Даагатай малчин хүүхэд”, хичээлийн шинэ жилийн баяртаа сургасан дааганаасаа зүс ижилсүүлэн унаж ирсэн хүүхдэд Улсын манлай малчин Б: Бямбын нэрэмжит шагнал, “Хос даагатай хүүхэд”, уралдуулсан дааганаас нь барианд орсон чансааг харгалзан өсвөрийн уяачийг шалгаруулж аймгийн алдарт уяач Ж. Ганбатын нэрэмжит шагнал “Шилдэг уяач хүү” цол тэмдэг зэргээр 100 дааганы уралдааны үеэр 9 төрлөөр шалгаруулалт хийж, зуны амралтаараа завгүй өнжсөн хүүхдүүдээ урамшуулна. Марзайг ахмад настнаар заалгаж суралцсан, бүрэн гүйцэд уянгалаг тод гийнгоолдог хүүхдүүд, хамгийн олон гүү сааж, айраг исгэсэн охид мөн шагнал гардах ажээ.
Өндөршил сумынхны зохион байгуулж буй энэ үйл ажиллагаанд тус сумын хүүхдүүдээс гадна хөрш зэргэлдээ сумын хүүхдүүд ч оролцох боломжтой юм байна.

Т. Отгонтуяа  
Related news