Хамтын сангийнхаа хөрөнгөөр бие засах газар барихаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-19 20:17:08
Дундговь/МОНЦАМЭ/Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон хамтын сангаасаа хөрөнгө гаргаж цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд бие засах газрыг барихаар болжээ. Их газрын чулууг 2013 онд байгалийн цогцолборт газар болгосон хэдий ч өдийг хүртэл аялагчдад зориулсан бие засах газар байхгүй, энэ нь аялагчдад багагүй бэрхшээл болдог байна.
Хол, ойроос аялагчид олноор зорин ирдэг газар бол Их газрын чулуу юм. Урин дулааны цагт мянга гаруй аялагч ирдэг. Үүнээс 400 гаруй нь гадаадын аялагч байдаг гэж тус цогцолборт газрын байгаль хамгаалагч Д.Мөнх- Очир хэлж байна. Аялагчид байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газрыг үзэж сэтгэл хангалуун буцдаг ч бие засах газар байдаггүй нь багагүй бэрхшээл болж байгааг байнга сануулдаг гэлээ.
Цогцолборт газрын байгалийн хэв шинж, ургамал амьтны байршил, түүх, соёлын дурсгалыг хадгалах шаардлага, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан гурван бүсэд хуваасан байдаг. Аялагчид аялал жуулчлалын бүсэд саатна. Энэ бүсэд Их газрын чулууны уул бүхэлдээ хамаардаг бөгөөд байгаль хамгаалагч аялагчдын хаана отоглож, хаагуур аялах маршрутыг зааж өгдөг байна. Нэг үеэ бодоход аялагчид буусан газраа хог хаягдал үлдээлгүй цэвэрхэн орхидог болсныг байгаль хамгаалагч тодотгон хэлсэн. Харин тэдний түүж авчирсан хогийг хаядаг цэгтэй, бие засах газартай болох нь хамгаалалтын захиргааны үүрэг тул ийнхүү байгууллагынхаа хамтын сангаас хөрөнгө гаргаж эл асуудлыг шийдэхээр болсон ажээ.
Т. Отгонтуяа  
Related news