Монреалийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнг дүрвэгчдийн хоргодох байр болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-03 16:51:43
МОНРЕАЛЬ. /АР/. АНУ-аас ирэх орогнол хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Канадын эрх баригчид Олимпын цэнгэлдэх хүрээлэнг “түр хоргодох байр” болгон ашиглаж байна.

Канадын зүүн нутгийн Кэбэк  муж дахь 1976 оны Монреалийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд лхагва гарагаас орогнол хүсэгчдийг байрлуулж эхэлжээ.

Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш АНУ-аас хууль бусаар хил даван Канадаас орогнол хүсэгчдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Хууль бус цагаачид болон дүрвэгчдийн цувааг зогсоох арга хэмжээ авна гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

Кэбэк  муж бол орогнол хүсэгчдийн хувьд Канад руу нэвтрэх гол цэг юм. Орогнол хүсэгчдийг байрлуулах газар дутагдалтай байгаа учир Монреалийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнг “түр хоргодох байр” болгожээ.

Энэ он гарснаас хойш АНУ-аас Канадын хилийг 4300 гаруй хүн хууль бусаар даваад байгаа аж.
 
Г.Доржханд
 
Related news