Өмнөд Солонгос гадаад ажилчдын визний нөхцлөө чангалах гэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-03 16:54:41
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгост E-9 төрлийн визээр ажилладаг гадаад ажилчдын виз сунгах нөхцлийг   тус хязгаарлахаар бэлдэж байгаа тухай тус улсын Хууль зүйн яамны эх сурвалж өнөөдөр мэдэгдлээ.

E-9 нь “мэргэжлийн бус” буюу бохир, хүнд нөхцөлд ажиллах ажилчдад зориулсан виз юм.

Одоогоор Хууль зүйн яам нь Хөдөлмөр эрхлэлтийн яамтай хамтран бодлого боловсруулж байгаа ба яг хэзээ хэрэгжих нь тодорхойнгүй байна.

Одоогийн журмаар E-9 визтэй ажилчин дөрвөн жил, 10 сарын хугацаанд Өмнөд Солонгост ажиллаж, амьдрах боломжтой бөгөөд хугацаа дуусмагц эх орондоо буцаж очсоны дараа дахин дөрвөн жил, 10 сараар сунгуулдаг. Шаардлага хангаж байвал сунгалтыг хэдэн ч удаа хийж болдог юм.

Харин шинэ журмаар E-9 виз авсан хүн зөвхөн ганц удаа сунгах эрхтэй болох гэнэ. Журам батлагдсанаас хойш визний хугацаа нь дууссан (өмнө нь сунгуулж байсан) ажилчид нутагтаа буцаад дахин Өмнөд Солонгост очиж ажиллахын тулд өөр төрлийн (E1-E7 мэргэжлийн ангиллын) виз авах хэрэгтэй болох ажээ.

Шинэ журам нь Өмнөд Солонгосын ажлын байрыг гадаад ажилчдад бүрэн эзлүүлэхээс сэргийлэх бодлогын хүрээнд авч буй арга хэмжээнүүдийн нэг гэнэ.

Г.Доржханд

Related news