Умард Солонгосын харвасан пуужинд "Air France”-ийн онгоц өртөх дөхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-04 12:25:14
ПАРИС. /ВВС/. Иргэний агаарын тээврийн “Air France” компанийн 330 гаруй зорчигч тээвэрлэж явсан нисэх онгоц өнгөрсөн сарын 28-нд Умард Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужинд өртөх дөхсөн талаар Францын албаны хүмүүс мэдээллээ.

Токиогоос Парисын чиглэлд нислэг үйлдэж байсан уг нисэх онгоц нь баллистик пуужинд 100 орчим км-ээр ойртож очсон гэнэ. Пуужинг газардсанаас 10 орчим минутын дараа нисэх онгоц пуужингийн явсан замаар  дайрч өнгөрчээ.

“Air France” өчигдөр мэдэгдэл хийхдээ “Манай онгоцонд ямар нэгэн аюул учраагүй. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх үүднээс манай компани Умард Солонгосыг тойрсон нислэггүй бүсээ өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.

Умард Солонгосын пуужин олон улсын нислэгтэй агаарын орон зайг дайрч өнгөрсөн гэж Пентагон мэдэгдээд, Пхеньяны пуужингууд арилжааны нислэг үйлдэж буй онгоцуудад аюул учруулж болзошгүй байна гэж энэ долоо хоногийн эхээр анхааруулж байсан юм.

Умард Солонгосын пуужинг агаарт байх үед “Air France”-ийн “Боинг 777” нисэх онгоц Японы Хоккайдо арлын баруун хэсэгт явж байжээ.

2014 оны долдугаар сард Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд MH17 дугаарын нислэг үйлдэж явсан Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн онгоц Украины зүүн нутгийн дээгүүр нисэж явахдаа газар-агаар ангиллын “Бук” пуужинд өртөн сүйрч, уг онгоцонд сууж явсан 283 хүн бүгд амь үрэгдэж байсан билээ.
Г.Доржханд
Related news