“Боко Харам”-ын халдлагад өртөн 20 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-16 10:28:24
БОРНО. /VOA/. Нигери улсын нутгийн зүүн хойд хэсэгт дүрвэгсдийн хуаран болон ойролцоох худалдааны газарт амиа золиослогч этгээдүүд бөмбөг дэлбэлж дор хаяж 20 хүн амиа алджээ.
 
“Мандарари” худалдааны газарт мягмар гарагийн орой ойролцоогоор 17:00 цагийн үед 3 амиа золиослогч худалдан авагч мэт нэвтрэн орж, нэг нь худалдааны төвд үлдэн бусад нь Нигерийн дотоод зөрчлийн улмаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийн хуаран руу явсан гэж тосгоны ахлах Лаван Калли мягмар гарагт мэдээлжээ. Тэрбээр “тэд бүгд нэгэн зэрэг бөмбөг дэлбэлсэн. Манай тосгон Кондуга хот руу орох зам дагуу байдаг. Яг тэнд дүрвэгсдийн хуаран болон худалдааны газар байрладаг. Тиймээс бид амиа золиослогчдын бай боллоо” гэж мэдэгджээ.
 
Наад зах нь 80 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэднийг тосгоноос 30 км-ийн зайд оршдог Майдугури хотын эмнэлэг рүү яаралтай хүргэсэн байна. Амиа алдсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа юм. 
 
“Боко Харам” бүлэглэлийн 8 жилийн түрэмгийлэл халдлагын улмаас олон сая иргэд нутаг усаа орхин Нигерийн бусад нутаг болон хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэсэн билээ. Тэд 20 мянга гаруй хүний амь насанд халджээ.

Лалын шашинт хэт даврагчид мөн даваа гарагийн орой Адамава мужийн Мадагали орон нутгийн захиргааны нутагт байдаг Нуйбанго, Мудуху зэрэг тосгодод халдлага үйлдэж 7 хүний аминд хүрсэн байна.

Х.Сарнай 
 
 
Related news