Жилд гадаадын 40 мянга орчим эмэгтэй амаржихаар АНУ-д очдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-06 13:21:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхийн өнцөг булан бүрээс 40 мянга орчим эмэгтэй жил бүр чухам Америкт хүүхдээ төрүүлэхийн тулд тус улсыг тусгайлан зорьж очдог. Ийм судалгааг АНУ-ын Цагаачлал судлалын төв гаргажээ. "Уолл-Стрит Жорнэл" сонинд бичиж буйгаар, ийм үзэгдэл “аялал жуулчлалын төрөлт” гэж нэрлэгдэх хүртлээ газар авсан байна.

Ийм жуулчдын дийлэнх нь Хятадаас Америкт ирдэг бөгөөд тэд маш баян чинээлэг ажээ. Гадаадын эмэгтэйчүүд жуулчны визээр тус улсад ирдэг бөгөөд хүүхдээ төрүүлснээс хэдэн сарын дараа нутаг буцдаг байна. Ингэхдээ хүүхэд Америкийн хуулийн дагуу автоматаар тус улсын иргэн болдог бөгөөд энэ нь хүүхэд 21 жилийн дараа хуулийн дагуу гэр бүлийн хамт АНУ-д буцаж очиж болно гэсэн үг юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн ярьж байгаагаар, тэд өөрсдийнхөө төлөө бус хүүхдийнхээ ирээдүйн төлөө, хүүхдүүд нь хаана амьдарч, ирээдүйн амьдралаа хэрхэн босгох сонголттой байгаасай гэсэндээ Америкт очиж амарждаг ажээ.

“Жуулчны төрөлт” нь АНУ-ын эдийн засгийн хувьд ч, жирэмсэн эхчүүдийг тус улсад төрүүлэхээр явуулж буй хүмүүсийн хувьд ч хангалттай ашигтай бизнес юм. "Уолл-Стрит Жорнэл" сонинд бичсэнээр, ийм жуулчид АНУ-д байх хугацаандаа жилд нэг тэрбум орчим доллар зарцуулдаг байна. Үүнд дэлгүүрүүдэд хийсэн худалдан авалт, ресторан, зоогийн газруудад үйлчлүүлсэн тооцоог оруулаагүй аж. Зөвхөн тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээнд, эмнэлэгт машинаар хүргүүлэхэд болон хүүхдэдээ гадаад паспорт авахад хятад эмэгтэйчүүд 40-80 мянга хүртэл доллар зарцуулдаг байна. Үүнээс гадна, ийм жуулчид хамгийн үнэтэй дэлгүүрүүдэд худалдан авалт хийхэд, жирэмсний хяналтад ороход болон хамгийн сайн хувийн эмнэлгүүдэд төрөхөд их хэмжээний мөнгө зарцуулдаг ажээ.

"Уолл-стрит Жорнэл" сониныхны үзэж буйгаар, хятад хүүхнүүдийн дунд “төрөлтийн аялал жуулчлал” газар авч байгаа нь Хятадад баячуудын тоо олширч байгааг харуулж байна. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд Хятадын 2.2 сая орчим иргэн АНУ-д зорчиж, тус улсын эдийн засагт 24 тэрбум орчим доллар үлдээсэн нь бусад орны иргэдийн зарцуулснаас илүү өндөр үзүүлэлт болох тухай Америкийн Худалдааны яам мэдээлжээ.

Д.Жаргал

 

Related news