Усанд эрсдэх явдал гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-26 11:13:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Намрын нартай өдрүүд үргэлжилсэн энэ цаг мөчид иргэд загас барих, амрах зэргээр гол усны дэргэд очих, усанд орох явдал байсаар байна. Ийнхүү амарч, аялж явахдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж усанд эрсдэх явдал гарсаар байгаа тул сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.          
Энэ сарын 16-ны өдрийн 16:16 цагт Зүүнбүрэн сумын Орхон  голын “Бүдүүний гүүр” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат иргэн М /32настай, эрэгтэй/  усанд осолдсон тухай дуудлага ирсэн байна. Ингээд тус өдрийн 17:15 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч хоёр автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашинтай, Цагдаагийн байгууллагын хоёр алба хаагч, Аврах тусгай ангийн найман алба хаагч, нэг автомашинтай, ар гэрийн 15 хүн таван автомашинтай, нийт 40 хүн есөн техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийнхэн энэ сарын 23-ны өдрийн 10:10 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг олж,  ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймээс нийт ард иргэддээ хандан гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа гол мөрөн нуурын усанд орохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг
Related news