СЭЛЭНГЭ: Архив бол тухайн байгууллагын түүх, оршин тогтнохын илэрхийлэл юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэж хөгжсөний түүхт 98
жилийн ой өнөөдөр тохиож байна.
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын
түүхэн хөгжлөөс дурдвал, Хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1960 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар захирамжаар
“Сэлэнгэ аймгийн улсын архив” нэртэйгээр анх бие даасан нэгж болон байгуулагдсан
байна.
Улмаар 1998 оныг хүртэл энэхүү
нэрээрээ үйл ажиллагаагаа явуулж иржээ.
Ингээд Монгол Улсын Засгийн
газрын 1999 оны 124-р тогтоолоор аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн архивын
тасаг болон нэрлэгдэх болжээ.
Ингэснээр архив, албан хэрэг
хөтлөлтийн улсын хяналтын дүрмийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагад архив, албан хэрэг
хөтлөлтийн талаарх хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам,
зааврын мөрдөлтөд хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэдэг болсон байна.
Архивт хадгалагдаж байгаа сонирхол
татсан баримтуудаас дурдвал, Сэлэнгэ аймгийн хөдөлмөрчдөөс улаан армид явуулсан
бэлгийн баримт бий.
Тодруулбал 1942 онд Сэлэнгэ
аймаг 1000 морь бэлэглэхээс 1102 морь, хувьсгалт монгол танкийн цуваанд 46671
төгрөг, дотуур хувцас 20, алчуур 39, бээлий 143, туг 2, оймс 40, малын арьсан
эдлэл 66, бэлхэвч 81-ийг тус тус хүргүүлж байсан баримт байна.
Архив бол тухайн байгууллагын
түүх, оршин тогтнолын илэрхийлэл юм. Архивын газар нь Сэлэнгэ аймаг
байгуулагдсан үеэс хойших баримт, түүхийн өв санг нандигнан хамгаалж,
хадгалахын зэрэгцээ, иргэдэд түүхэн баримтаар үйлчлэх, баримт бичгийг шинээр
эрж хайх ажлыг эхлүүлэн, түүний дагуу бүртгэл судалгаа гаргаж, улсын
хадгаламжид шилжүүлэн авч, тэдгээрийг архив зүйн үндэстэй эмхлэн цэгцэлж
хадгаламжийн нэгж болгон данс бүртгэлд оруулах зэрэг ажпыг хийж, төрийн алба
мэргэшсэн, тогтвортой байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Архивын сан хөмрөгт хадгалагдаж
байгаа баримтын бүрэлдэхүүний хувьд мэдээлэл, лавлагааны болон захирамж баримт
бичиг бөгөөд гадаад онцлогийн хувьд цаасан суурьтай болон гэрэл зургийн баримт
хадгалагдаж байна.
Ulaanbaatar