Сургууль, цэцэрлэгийн 23 хувь нь ажил хаялтад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-26 16:06:07
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн багш нар хоёр дахь өдрийн цалингүй сануулах ажил хаялтаа өнөөдөр хийлээ. Архангай аймгийн хэмжээний 33 сургуулиас 9 нь буюу 27 хувь нь, 36 цэцэрлэгийн 8 нь буюу 25 хувь нь ажил хаялтад нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн 23 хувь нь болох 520 гаруй багш ажилчид цалингүй ажил хаясан байна.
Энэ сарын 21-ний өдрийн ажил хаялтаас тоо цөөрсөн шалтгаан нь цалин багатай зарим багш, ажилчид "Цалингүй" гэдгээр ажил хаялтанд оролцохоос татгалзсан, зарим сургууль, цэцэрлэг нь дэмжиж байгаа ч эцэг эхчүүддээ мэдэгдэл өгөөгүй, зарим нь захирал эрхлэгч нарт очсон мэдэгдэл нь хожимдсон, мөн зарим сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ажил хаяулахгүй гэснээс үүдэн ажил хаялтад орсон сургууль, цэцэрлэг, багш ажилчдын тоо цөөрсөн гэж байна.
Б.Гэрэлт-Од
Related news