“Бидний монгол бичиг” сарын аян өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баянцагаан суманд “Бидний монгол бичиг” сарын аян өрнөлөө. “Монгол бичиг-2” үндэсний болон аймгийн Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын албан хаагчдын монгол бичгээр унших, бичих чадварыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагч бүр хэрэглээ болгон занших зорилгоор тус аяныг өрнүүлжээ.
Аянд сумын бүх төрийн байгууллагуудын ажилтан, Төрийн банк, Хаан банкны хамт олон нэгдсэн байна. “Эрдмийн ундраа” ахлах сургууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн баг хамтран удирдамжийн дагуу сайхан бичигтэн хамт олныг шалгаруулжээ. Сайхан бичигтэн хамт олноор Засаг даргын Тамгын газар шалгарсан бол Хаан банк, Төрийн банк, Сум дундын эмнэлгийнхэн удаалжээ.
Харин Сайхан бичигтэн хувь хүнийг шалгаруулахдаа хамт олны бичвэрээс сонгон шалгаруулж байгууллага бүрээс шалгарсан сайхан бичигтэнгүүдийг дармалаас бичмэл рүү хөрвүүлж байр эзлүүлэхэд сумын сургуулийн Технологийн багш Г.Магсар түрүүлсэн байна.
Мөн аяны хүрээнд Тэргүүний уншигч хамт олныг шалгаруулахдаа 8 хүний бүрэлдэхүүнтэй баг “Хүмүүн бичиг” сониноос нэг сэдвээр 1 минутанд уншуулахад Эрдмийн ундраа ахлах сургууль 49, Засаг даргын Тамгын газар дунджаар 40 үг уншсан байна. Харин байгууллага бүрээс шалгарсан 1 уншигчийг сэдэв сонгон дахин 1 минутаар уншуулахад эхний хүн 96 үг уншсан байна.
Сонирхуулахад, тус сумын байгууллага бүрийн албан хаагчдын албан хэрэглээний комьютерт монгол бичгийн программыг суулгаж, хэрэглээ болгон хэвшүүлж байгаа аж. Мөн албан хаагч бүр өдрийн тэмдэглэлийг монгол бичгээр бичих дэвтэр нээж хөтлөх, “Хүмүүн бичиг” сонинг захиалан уншиж, чадвараа нэмэгдүүлэх талаар үүрэг даалгаврыг албаныхан өгөөд байгаа юм байна.
Б.Мөнхзул