Халдлагыг нэг бүлэглэлийн гишүүд үйлдсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-15 13:07:09

ПАРИС. /ВВС/. Францын нийслэл Парис хотод 129 хүний амийг хөнөөж, 350 гаруй хүнийг шархдуулсан халдлагыг нэг бүлэглэлийн гурван баг зохион байгуулалттайгаар үйлдсэн байна тус хотын прокурор Франсуа Молинс мэдэгдэв.

Тэд хаанаас ирсэн болох, хэрхэн санхүүжилт авсан эсэх талаар олж мэдэх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, халдлага үйлдсэн долоон этгээдийг хэргийн газарт устгасан бөгөөд тэд бүгд зэвсэглэсэн, тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байсан гэж мэдэгдсэн байна.

Баасан гарагт болсон уг халдлагыг үйлдсэн болохоо “Лалын улс” бүлэглэл мэдэгдсэн бөгөөд эдгээр халдлага Парис хотын концертын танхим, томоохон цэнгэлдэх хүрээлэн, зоогийн газар, баар зэрэг газарт болсон билээ.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлд Франц үргэлжлүүлэн агаарын цохилт өгөх болно гэж тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдээд, тус бүлэглэлийг зохион байгуулалт сайтай дайсан гэв.

Халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь өдгөө 29 настай Францын иргэн байсан бөгөөд тэрбээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан боловч хорих ялаар шийтгүүлж байгаагүй нэгэн байсан тухай Молинс мэдэгдэв.

Д.Нямтулга

Related news