“Бизнес ба хүний эрх” сэдвийн хүрээнд дүн шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-17 15:44:08
Архангай /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргын 4/346 тоот албан даалгаварт тусгасан “Сар бүр хүний эрхийн тодорхой эрхийн талаар дүн шинжилгээ хийх” ажлын төлөвлөгөөний дагуу Архангай аймаг дахь хүний эрхийн ахлах мэргэжилтэн өнгөрөгч өнгөрсөн 10 дугаар сард “Бизнес ба хүний эрх” сэдвийн хүрээнд дүн шинжилгээ хийжээ. Судалгаа нь Архангай аймгийн хэмжээний бизнесийн салбарын эрхийн зөрчилд чиглэсэн байна.

Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн өсөлт буурсан, ажилгүйдэл, ядуурал  нэмэгдсэн, хүн амын орлого багассан, лангууны түрээсийн төлбөр нэмэгдсэн зэргээс шалтгаалан бизнесийн салбар дахь  хүний эрхийн зөрчил гарах болжээ.

Аймгийн тухайд ажилгүй иргэдийн тоо ихэссэн түүний хэрээр худалдан авах чадвар буурсан мөн мал сүргийн нийт тоо толгой өсч байгаа ч бэлчээрийн даац хэтэрсэн, малчин иргэдийн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн, сурч боловсрох эрх зарим талаар хаагдаж байгаа зэрэг сөрөг үзэгдэл анзаарагдсан байна. Нөгөө талаар үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр ажлын байр бий болдог ч хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах болон, ажил хөдөлмөрт таарсан цалин хөлс авах эрх зөрчигдөж байна гэсэн дүн шинжилгээ гарчээ.

Цаашид төр засгийн зүгээс бизнесийн орчинд саад учруулж буй өндөр татварыг бодлогоор бууруулах, жижиг дунд үйлдвэр эрхлэх болон бизнесийн салбарынханд олгох банкны зээлд хамрагдах, бага хүүтэй урт хугацааны зээлийг  авах боломж бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлийг сайжруулах, харин аймаг орон нутгийн зүйгээс мал аж ахуйн салбар дахь хүүхдийн хөдөлмөрийг багасгах, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолуур боловсруулах томоохон үйлдвэрийг сумдыг бүсчилсэн байдлаар байгуулах, үйлдвэрт орон нутгийн иргэдийг ажлын байранд авч, тогтвортой ажиллуулах, ажлын байр бий болгох, бизнесийн байгууллагад хөдөлмөр эрхлэл, ажил мэргэжлийн хүрээнд нас хүйсээр ялгаварлан гардуурхах явдлыг таслан зогсоох зэрэг хийх ажлуудын саналыг гаргасан байна.

Б.Гэрэлт-Од
Related news