Туслах багш нар үлгэр уран унших чадвараараа уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:16:59

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн туслах багш нар үлгэр уран унших чадвараараа уралджээ.

Зөвхөн өнөө жил биш гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ уралдаан нь жирийн  нэг уралдаан биш. Хүүхдэд үлгэрийг хэдий чинээ “амьдруулж” ярьж өгнө төдий чинээгээр хүүхдийн дүрслэн бодох, ярьж, сонсох чадвар хөгжиж, улмаар өсч том болохдоо  ном унших дуртай, өөрийгөө бие даан хөгжүүлэх чадвар суудаг байна. Тиймээс туслах багш нарын үлгэр уран гоё ярих чадварыг хөгжүүлэх үүднээс “Үлгэр хэн уран унших вэ” уралдааныг тус цэцэрлэг зохион байгуулж заншжээ.

Нөгөө талаар сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд цэцэрлэгийн туслах багш нар бүлгийн үндсэн багштай ижил үүрэгтэй байдаг болсон тул тэднийг ажлын байран дээр нь хөгжүүлж, ур чадварыг нь ахиулах, бие биеэсээ суралцахад ач холбогдол өгч байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэн онцолж хэлсэн юм.

“Үлгэр хэн уран унших вэ” уралдаанд сумын цэцэрлэгийн 10 бүлгийн туслах багш бага насны хүүхдэд үлгэр ярьж өгөх болон гарын доорхи материал ашиглан үлгэрийн сонирхолтой ном хийх ур чадвараараа уралдаж, Ц. Оюунсүрэн, О.Нандинцэцэг, Х.Цолмонтуяа нар энэ удаагийн уралдаанд тэргүүлсэн байна. Энэ уралдааныг нь сумын “Далайн дэвжих арвижих” ХХК, “Цоглог” фото студи дэмжин ивээн тэтгэсэн байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news