Ромын пап рохинжачуудын төлөөлөлтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-02 13:48:33
ДАККА. /Ройтерс/. Бангладешт дүрвэж очоод буй Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын төлөөлөлтэй Ромын пап Фрэнсис уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
 
Ромын пап өчигдөр Бангладешийни нийслэл Дакка хотод рохинжачуудын төлөөлөл болсон 16 хүнтэй уулзаж, ярилцсан байна.

Энэ долоо хоногийн эхээр Ромын пап Ази дахь анхны айлчлалаа Мьянмараас эхэлснээсээ хойш анх удаагаа өчигдөр “рохинжа” гэдэг нэр томъёог ашиглажээ.
 
Тэрбээр Мьянмарт байх хугацаандаа энэ үгийг огт хэлээгүй юм. Мьянмарын Засгийн газар рохинжачуудыг “хууль ёсны үндэстний цөөнх” гэж үздэггүй учир “рохинжа” гэсэн нэр томъёог ашиглахгүй байхыг түүнээс хүссэн байж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байна. Дүрвэгчдийн олонх нь Бангладешийн өмнөд нутгийн Кокс-Базар хотод байгуулсан дүрвэгсдийн хуарангуудад амьдарч байгаа гэнэ. Хоол хүнс, эм тарианы нөөц дуусаж, эрүүл ахуй ба ариун цэврийн нөхцөл байдал муу байгаагийн улмаас хуарангуудад элдэв халдварт өвчин тархах эрсдэл нүүрлээд байгаа аж.
Г.Доржханд
Related news