Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах хэрэг 20 гаруй хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-05 10:49:54
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Прокурорын газраас энэ оны эхний хагас жилийн хугацаанд үйлдэгдсэн “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг судалжээ. Ингэхэд нийт гэмт хэргийн 67 буюу 24.9 хувийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг эзэлсэн байна. Энэ тоо нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14-өөр буюу 21.9 хувиар өссөн дүн гарчээ. 

Гэмт хэрэг гаралтын ихэнх нь буюу 40 гаруй хувь нь аймгийн төв Эрдэнэбулган суманд үйлдэгдсэн бөгөөд сурагч, оюутнууд хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг үйлдэх тохиолдол ихэссэн байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг насаар нь авч үзвэл насанд хүрээгүй этгээд 7, 20-30 насны 27 этгээд байгаа ажээ.

Судалгааг үндэслэн аймгийн Прокурорын газраас Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй ЕБСургуулийн сурагч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн болон Багшийн сургуулийн оюутнуудад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байна.
Б.Гэрэлт-Од
Related news