Яруу найрагч О. Элбэгтөгс “Чөлөөт шувуу”- гаа “нисгэв”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонголын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын санд бүтээл нэмж Дундговь аймгийн яруу найрагч О. Элбэгтөгс “Бүслэлт”, “Чөлөөт шувуу” номоо хэвлүүлсэн байна.
“Бүслэлт” бол түүний өгүүллэгийн анхны, “Чөлөөт шувуу” нь яруу найргийн гурав дахь бүтээл болж байгаа бөгөөд “Чөлөөт шувуу”- ны хувьд урьд өмнө хэвлүүлсэн “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл” бүтээлээс илүү эрэл хайгуул, туршиц хийсэн, өөрөөр хэлбэл өмнөх хоёр бүтээлд гутранги, дотоод сэтгэлийн шаналалт дуу хоолой шингэсэн бол энэ өнгө төрхийг өөрчлөхийг чармайсан бүтээл боллоо гэж яруу найрагч шинэ бүтээлийнхээ өнгө аясыг тодорхойлсон юм.
Харин өгүүллэгийн анхны бүтээлийн хувьд хүний оршихуйд зүүд, далд ухамсарын нөлөөлөл хэрхэн тусдаг болохыг дүрслэн үзүүлэхийг зорьсон байна.
“Хүн төрөлхтөн өөрсдийнхөө бий болгосон соёл иргэншлийнхээ ч тэр, оюун санааныхаа ч тэр, ер нь цаг ямагт бүслэлтэд амьдардаг гэсэн утга санаагаар өгүүллэгийн номоо “Бүслэлт” хэмээн нэрлэсэн. Энэ бол шинжлэх ухааны бүтээл шиг гарцаагүй нотолгоо баримтад тулгуурласан биш, уран зохиол учраас хүмүүс уншаад өөр өөрийнхөөрөө л задлан ойлгоно байх” хэмээн зохиогч тодотголоо.
“Бүслэлт”- д “Дотно байшин”, “Диваадад”, “Хүрмэн нарсны дууль”, “Бүргэдийн өд”, “Адрын узраг” зэрэг 9 өгүүллэг багтаажээ.
Яруу найрагч дараагийн номоо хүүхдийн зохиолоор хэвлүүлэхээр зорьж байгаа гэлээ. Тэрээр шинээр хэвлүүлсэн хоёр номынхоо нээлтийг энэ сарын 21- нд Улаанбаатар хотноо хийх юм байна.
Т.Отгонтуяа