Монгол Улс анх удаа Хятадад өвс экспортлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 13:37:51

Энэ сарын 8-ны өдөр 200 тонн өвс ачсан 8 цуваа ачааны тэрэг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомтоор Хятад улсын хилээр нэвтэрчээ. Энэ нь Хятад улс анх удаа Монголоос органик өвс импортлож байгаа нь энэ юм.

Хятадын “Синьхуа” болон “Глобал таймс” агентлагийн  мэдээлснээр, Хятад улс бол ногоон хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч улс төдийгүй томоохон хэрэглэгч улс юм. Сүүлийн жилүүдэд уламжлалт тариалалтын аргачлал өөрчлөгдөн байгаль экологийг хамгаалах үүднээс малын тэжээлийн зах зээлийн дутагдалд орсноор өвсний үнэ нэмэгдэж өвсний аж ахуй эрхлэлт сэргэж байгаа талаар дурджээ.

Саяхан болсон Монгол, Хятадын Экспо үзэсгэлэнгийн үеэр Шилийн гол аймаг болон Монголын зүүн хэсгийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг хооронд ХАА-н салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх хэлэлцээр байгуулсан юм. Ингэснээр газар дээрх нөөцийн үр ашигтай хуваарилалт мал амьтан үржүүлгийн салбарыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар болсон байна. Энэ нь Монголын байгалийн өвсний экспортын салбар дахь Хятад, Монголын хамтын ажиллагааны эхлэл юм. Шилийн гол аймгийн Засгийн газраас мэдээлснээр одоогоор 9 ААН Монголын талыг заагласан өвсний талбайд өвсний аж ахуй эрхэлж 100 гаруй мянган тн өвс бэлтгээд байна. Цаашид жил бүр 400 мянган тонноос дээш өвс бэлтгэн импортлохоор төлөвлөж байгаа тухай дурджээ. Өвсний талбай бол нэгэн төрлийн нөхөн сэргээгдэх нөөц. Энэ салбар дахь хамтын ажиллагаа бол Монгол Улсад эдийн засгийн, Хятад улсад органик малын тэжээл болж буй харилцан ашигтай хамтын ажиллагаа юм.

ӨМӨЗО-ны ХААИС-ийн хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Гай Жи Ий “Хятад, Монгол сайн хөрш, сайн түнш Хоёр талын урт хугацааны харилцан хожсон хамтын ажиллагааны үндэс нь давуу талаа харилцан нөхсөн худалдаа юм, мөн Монголын тал хээрийн экологийг хамгаалахад анхаарлаа хандуулна” гэлээ.

Б.Туяа

Related news