А.Фухиморид өршөөл үзүүлснийг ойлгохыг Перугийн Ерөнхийлөгч уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-27 09:26:18
ЛИМА. /Би-Би-Си/. Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фухиморид өршөөл үзүүлэх шийдвэр гаргасныг ойлгохыг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучински ард иргэддээ уриаллаа.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, П.П.Кучински өчигдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Альберто Фухиморигийн засаг захиргааныхан хууль, хүний эрхийг ноцтой зөрчиж байсан нь үнэн хэдий ч энэ улс орны хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулсан. А.Фухимори бол шоронд ясаа тавих хүн биш. Би хүмүүнлэгийн шалтгаанаар, энэ улс орны ирээдүйн төлөө түүнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан” гэжээ.

П.П.Кучински цааш нь ярихдаа “Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэр байсан” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн ням гарагт А.Фухиморийг “эрүүл мэндийн шалтгаан”-аар өршөөлөөр суллах шийдвэр гаргасан юм.

А.Фухимори нь 1990-2000 онд Перугийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Иргэдийг хөнөөх тушаалыг аюулаас хамгаалах хүчнийхэнд өгсөн хэргээр түүнд 2009 онд 25 жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр нийслэл Лима хотоос холгүй орших хорих ангид найман жилийн ялаа биеэр эдэлсний эцэст өнгөрсөн ням гарагт суллагдсан билээ.

Түүнийг сулласныг перучүүд эсэргүүцэн жагссаар байна. Түүнд өршөөл үзүүлсэн нь хүмүүнлэгийн шалтгаантай гэхээсээ илүүтэйгээр улс төрийн шалтгаантай гэж перучүүд үзэж байгаа юм.
Г.Доржханд
Related news