Нэгдсэн эмнэлэг гавъяат эмчээр овоглосон тасагтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-19 10:14:07

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийг Монгол Улсын гавъяат эмчээр овоглодог болов. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдахдаа эл асуудлыг хэлэлцэж, тус тасгийг Монгол Улсын хүний гавъяат эмч Ш.Готовын нэрэмжит болгох шийдвэрийг гаргасан байна. Мөн төрөх тасгийг Клиникийн профессор С.Баяраагийн нэрэмжит болгожээ.

Гавъяат эмч Ш. Готов нь Нэгдсэн эмнэлэгийн мэдээгүйжүүлэгч эмчээр,  клиникийн профессор С. Баяраа нь эх баригч их эмчээр дөч шахам жил ажиллаж, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан эмч нар юм.

Ахмад эмч нарын он удаан жил хөдөлмөрлөсөн тасгийг ийнхүү тэдний нэрэмжит болгосноор Монголын эрүүл мэндийн салбарт мэдлэг ур чадвараа дайчлан хөдөлмөрлөсөн он удаан жилийн үйлс гавъяа хойч үед нь байнга дурсагдаж явахаар болж байна.

Цаашид эдгээр тасгийн үйл ажиллагааг улам сайжруулж, тусламж үйлчилгээнд нь эмчилгээ оношлогооны орчин үеийн нотолгоонд суурилсан арга нэвтрүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллахыг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Х. Жаргалд даалгажээ.

Т.Отгонтуяа

Related news