Германы Социал-Демократ нам их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар сүүлчийн шатны хэлэлцээ хийхээр болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-22 09:37:03
БОНН. /АП/. Германы парламентын хоёр дахь том хүчин болох Социал-Демократ нам Канцлер Ангела Меркелийн эвсэлтэй их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар сүүлчийн шатны хэлэлцээ хийхээр болжээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намуудын эвсэлтэй их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар сүүлчийн шатны хэлэлцээ хийхийг Социал-Демократ намын гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. Социал-Демократ намын их хурал ням гарагт буюу өчигдөр Германы баруун нутгийн Бонн хотноо болсон аж.

Өнгөрсөн есдүгээр сард явуулсан парламентын сонгуульд А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл 33.5 хувийн саналаар тэргүүлсэн бол Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт орсон билээ. Социал-демократ намын дарга Мартин Шульц нь А.Меркелийн эвсэлтэй нэгдэхгүй гэдгээ сонгуулийн дараа мэдэгдсэнээр А.Меркель жижиг намуудтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрээд байсан юм. Гэвч А.Меркелийн эвсэлтэй хамтран эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрээд байсан  жижиг намууд цагаачлал болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн засгийн газарт нэгдэхээргүй болсон юм. Үүний улмаас А.Меркель хүнд байдалд ороод байв.
 
Харин Социал-демократ намын дарга М.Шульц Германы Ерөнхийлөгч Фрэнк-Вальтер Штайнмайертай шинэ оны өмнө уулзсаныхаа дараа байр сууриа зөөллөж, А.Меркелийн хоёр намын эвсэлтэй хамтран дахин их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн юм.

Социал-Демократ намын өчигдрийн шийдвэртэй холбоотойгоор А.Меркель мэдэгдэл хийхдээ “Миний хувьд тогтвортой засгийн газар байгуулах нь юу юунаас илүү чухал” гэжээ.

А.Меркелийн намуудын эвсэл болон Социал-Демократ нам их эвслийн засгийн газрын баримтлах бодлогуудыг тодорхойлохоор энэ долоо хоногтоо багтан сүүлчийн шатны хэлэлцээгээ хийж эхэлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Related news