Газрын дундад тэнгисээс олон зуун дүрвэгчийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-28 13:55:51
МОСКВА./ТАСС/. Италийн эргийн хамгаалалтын алба Газрын дундад тэнгист таван удаа тусгай ажиллагаа явуулж, ойролцоогоор 800 дүрвэгчийг аварсан гэж тус алба мэдээлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Европт хүрэхийг зорьсон дүрвэгсдийг ачааны 2 завь болон жижиг 3 завинаас аварчээ. Жижиг завинуудын 2 нь хийлдэг завь байсан аж. Ажиллагааны үеэр Италийн тэнгисийн цэргийн хүчний 2 нисэх онгоц 7 хүүхдийг Тунисын эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдэнд яаралтай тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн аврагчид 2 цогцсыг уснаас гаргажээ.

2015 онд Хойд Африк болон Ойрхи Дорнодын хэд хэдэн улсад сөргөлдөөн эрс өргөжсөнөөр ямар ч хамаагүй аргаар Газрын дундад тэнгисийн эргээр оршдог улсуудаар дамжин Европт хүрэхийг зорьж буй дүрвэгсдийн тоо ихээхэн нэмэгдсэн юм.  

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд Газрын дундад тэнгисээр Европ руу орж ирсэн дүрвэгсдийн тоо 171 мянгаас давжээ. Түүнчлэн 3 мянга гаруй хүн замдаа амь үрэгдсэн байна. 
Э.Аянзаяа
Related news