“Аргил цагаан өвгөн” туулийг таван цаг гаруй хайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-31 16:37:11
Ховд/МОНЦАМЭ/ Гал тахиа жилийн Өвлийн адаг сарын шинийн 15-ны өдөр. Ховд аймгийн төвд "Хан Алтайн дуулал" цогцолборт "Аргил цагаан өвгөн" Баатарлагийн түүхэн туулийг Монгол Улсын төрийн шагналт туульч Б.Авирмэдийн хүү төрийн Өргөмжлөлт туульч А.Балдандорж хайлж Алтай Хүн хоёрын хүйн холбоог магтан цэнгүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор 2015 оноос өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм. Үүний хүрээнд “Аргил цагаан өвгөн" их хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлсан нь 5-6 цагийн турш үргэлжиллээ.
Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдэлж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед хайлуулж иржээ.
Тууль нь Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн өв юм.

Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг ажээ.
Энэхүү туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш Цагаан сар хүртэл хайлж ирсэн уламжлал нь нүүдэлч малчдын цаг зав, мал сүргийн тарга тэвээрэг, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, /өвлийн шөнө урт тууль хайлахад тохиромжтой/ учир нь туулийн хүч чадал эрүүл мэнд зэрэгтэй холбоотой  урт удаан түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл юм гэж Ховд их сургуулийн багш түүхийн ухааны доктор М.Ганболд тайлбарлалаа.  
Алтайн урианхайчууд ардын язгуур урлагийн дээд  түвшний гайхамшигт соёл болох баатарлаг туулийн арвин баян сантай билээ. Монгол туулийг хадгалан үлдсэн гол төв нь Ховд аймгийн Дуут сумын нутаг юм.
Уг туулийг хайлагч Монгол улсын төрийн соёрхолт Б.Авирмэдийн хүү А.Балдандорж нар ч эдүгээ Дуут сумын уугуул болой.
А.Бямбасүрэн 
Related news